“Цагаан алт” хөдөлгөөн хөнгөн аж үйлдвэрлэлд сүүлийн 30 жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн хөнгөн аж үйлдвэрлэлд сүүлийн 30 жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.

Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, төрийн албан хаагчид аа,

Эрхэм нөхөд өө.

“Цагаан алт” болсон мал аж ахуй гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, тэдгээрийг дэмжин ажиллаж буй банк, санхүүгийн салбар болон төрийн байгууллагуудын төлөөлөл Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.

Тухайлбал, өнгөрсөн зууны 1960-1990 онд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүхий эдийн боловсруулалт, үр ашиг, чанар сайжирч, мэргэжлийн боловсон хүчнээ эх орондоо бүрэн бэлтгэж байсан.

Үр дүнд нь 1980-аад оны сүүл гэхэд мал аж ахуйн салбарын хөнгөн үйлдвэрлэл нийт аж үйлдвэрийн салбарын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, 40 орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг эдийн засгийн тэргүүлэх салбар байлаа.

Харин 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд цаг үед аж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар ихээхэн бэрхшээл, сорилттой тулгарсан.

Гэхдээ 2000 оноос хойш ноос, ноолуур, арьс, шир, оёдол, тавилга, хэвлэл зэрэг цөөнгүй салбарт тодорхой сэргэлт ажиглагдсан.

Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.