Г.ЭНХСАРУУЛ: 5 САЯЫН БАРЬЦААТАЙ Ч АЖИЛ, ОРЛОГОГҮЙ БОЛ ВИЗЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙГАА

Г.ЭНХСАРУУЛ: 5 САЯЫН БАРЬЦААТАЙ Ч АЖИЛ, ОРЛОГОГҮЙ БОЛ ВИЗЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙГАА

БНСУ руу явах, жуулчлах иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа ажээ. Ялангуяа 90 хүртэлх хоногийн жуулчлалын визээр зорчигчид их байна. Ийнхүү тус улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь  визийн мэдүүлэг өгөх, материал бүрдүүлэлт зэрэг нь хөнгөвчлөгдсөнтэй холбоотой юм.
Иймээс тус визийн журамд ямар өөрчлөлт орсон, үнэхээр барьцаа хөрөнгөгүйгээр тус улсад зорчих боломж бий юу гэдэг мэдээллийг хүргэхээр БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн материал төлөөлөн хүлээж авах “А” буюу “Passport Express international”-ийн ахлах менежер Г.Энхсаруултай ярилцсанаа хүргэе.

-БНСУ-руу явах виз мэдүүлгийн журамд өнгөрсөн тавдугаар сард багагүй өөрчлөлт орсон. Солонгос улсад 90 хүртэлх хоногийн хугацаатай визний материал мэдүүлэхэд урилга, барьцаа хөрөнгө шаардахгүй болсон гэсэн. Энэ хэвээрээ юу?

-Урилга шаардахгүй. 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай иргэн энэ хөнгөлөлтөд хамрагдана. Өөрөөр хэлбэл,  ажил хийлдэг гэснээ нотолж, ажлын газрын тодорхойлолт,  Нийгмийн даатгалын тодорхойлолт хэрэгтэй.
Харин барьцааны хувьд өмнө нь 5 сая төгрөг байршуулсан ч гэсэн тухайн хүний санхүүгийн байдал тогтмол орлогоос хамаараад визийн материалыг нь хүлээн авах, виз олгогдох уу үгүй юу гэдгийг шийдэгддэг байсан шүү дээ.
Гэхдээ сая Монгол, Солонгос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой  болсон шүү дээ. Энэ ойг тохиолдуулан визний журамд өөрчлөлт орсон  нь ажилгүй иргэн ч 5 сая төгрөгийн барьцаа байршуулаад виз мэдүүлэх боломжтой байсан. Тодруулбал, виз мэдүүлж байгаа иргэн ажилтай ч бай ажилгүй ч бай, орлоготой ч бай, орлогогүй  ч бай 5 сая төгрөг байршуулаад виз мэдүүлж болдог байсан. Гэтэл энэ нөхцөлөөр гарсан иргэд тухайн улсад очоод хууль зөрчиж, жуулчны визээр гарчхаад очоод ажил хийх, харлах тохиолдол их гарсан.


Иймээс энэ нөхцөлийг цуцалж, зургаадугаар сарын 30-аас хойш ажилгүй орлогогүй хэрнээ зөвхөн 5 сая төгрөг байршуулаад гадагшаа гарах гэсэн сонирхолтой хүмүүсийн бүртгэлийг зогсоосон. Харин 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай, нийгмийн даатгал төлдөг хүмүүсийн визийн мэдүүлэг өгөх эрх нээлттэй байгаа.

-Хөнгөвчилсөн виз гэж яриад байгаа шүү дээ. Үүнд ямар шалгуурууд багтаж байгаа вэ?

-Хөнгөвчилсөн нөхцөлийн хувьд дээрхээс гадна өөр олон нөхцөл байна л даа.  Тухайлбал, ОИСИТИ-гийн гишүүн орнуудад  сүүлийн 2 жил 2-оос дээш хугацаагаар явсан, эсвэл сүүлийн таван жил 3-аас дээш удаа явсан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчино.
Мөн гэр бүлийн гишүүний нэг нь сарын цалин, орлого нэг сая 500-аас дээш төгрөг бол гэр бүлийн бусад гишүүдээ батлан дааж визэнд орох боломжтой. Ингэхдээ гэрлэлтийн баталгаагаа хавсаргах ёстой.

-Сүүлийн үед барьцаа хөрөнгө өснө гэсэн яриа их гарч байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Энэ бол ташаа мэдээлэл. Манай дээр ирж байгаа хүмүүс энэ талаар их асууж байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэх журам, нөхцөлд ямарваа нэг өөрчлөлт оруулах бол визний мэдүүлэг хүлээн авагч байгууллагууддаа хоёр хоногийн өмнө мэдэгддэг ёстой. Тэгэхээр энэ талаар ямар ч мэдээлэл, мэдэгдэл ирээгүй. Энэ бол ташаа мэдээлэл шүү гэдгийг иргэддээ анхааруулмаар байна.

-Танайхаар үйлчлүүлж байгаа иргэд голдуу ямар төрлийн визээр явах сонирхолтой байна вэ?

-Солонгос улсад очиж сурах,  эмчилгээ, аялал жуулчлал, хурал семинар гээд олон шалтгаанаар хүмүүс зорчих хүсэлтэй байна л даа. Сүүлийн үед аяллын визээр хүмүүс их зорчиж байна.  Виз мэдүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу 80 хувь нь яг энэ чиглэлээр виз мэдүүлдэг ч  өөр шалтгаанаар явж байна. Учир нь иргэд маань аялал жуулчлалын ангиллаар визэнд орж байгаа ч тус улсад очоод нэг удаа биеэ нэг сайн  шинжлүүлчихье, худалдаа наймаа хийе, бизнес хийх болон очоод хэдэн сар ч гэсэн ажил хийчих сонирхолтой байна. Угаас манай улсын цалингийн хэмжээ бага болохоор тус улсад очоод хэдэн сар ч болтугай ажил хийчих сонирхолтой хүмүүс олон байна.
Тэгэхээр үлдсэн 20 хувь нь жинхэнэ аялал жуулчлалаар явж байна.

-Аяллын визээр явчхаад тэнд очоод ажил хийж, хууль зөрчих тохиолдол их байна гэж та хэлсэн. Үнэхээр тухайн хүн Солонгост очоод ажил хийгээд байна уу гэдгийг яаж мэдэж байна вэ?

-Аяллын визээр явчхаад ажил хийж байгаа хүмүүс андашгүй л дээ. Үнэхээр тус улсад аялах гэж байгаа бол ихдээ л 14 хоногоос сарын хугацаа хангалттай. Гэтэл 90 хоногийн визтэй хүмүүс маань хугацаагаа тулгаад яг гурван сар болчихоод ирдэг. Бүтэн гурван сар аялна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр л үүнийг элчин сайдын яамнаас ажил хийсэн гэж үзээд байгаа юм.

-Тэгэхээр 90 хоногийн виз мэдүүлэхэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Энэ төрлийн визэнд ороход дөрөвхөн материал бүрдүүлнэ. Анкет  бөглөнө. Анкетад наах зураг хэрэгтэй. Гэр бүлийн лавлагаа, гадаад паспорт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт  шаардана.

-Солонгос руу олон удаа явах сонирхолтой хүмүүс бас байна. Тэдгээр иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Нэг удаа визэнд оронд олон удаа явах сонирхолтой хүмүүс байна. Ийм хүмүүс жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчихвал гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах нэг юм байна. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчхаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай.

-Тэгэхээр  нэгээс, хоёр удаа визэнд орох сонирхолтой хүмүүс байгаа байх. Тэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь бол 90 хоногийн визийг олгохдоо эхний удаа тухайн хүн ажилтай орлоготой байна уу гэдгийг хамгийн түрүүнд харж гол шалгуураа болгодог бол хоёр дахь удаагаа виз мэдүүлэхэд тань өмнөх явалтаараа хэр хугацаатай явсан бэ гэдгийг хардаг. Хугацаа гэдгийг нь тодруулбал, энэ иргэн өмнөх явалтаараа 90 хоногоо гүйцээж үү, үнэхээр аялаад 14 хоногт багтаж ирсэн байна уу гэдгийг харж байгаа юм. Хэрэв та 90 хоногоо яг тулгаад ирсэн бол энэ хүн тэнд очоод ажил хийсэн байна гэж үзээд виз гарах магадлал буурдаг талтай.

Г.Уянга
olloo.mn

 

Be the first to comment on "Г.ЭНХСАРУУЛ: 5 САЯЫН БАРЬЦААТАЙ Ч АЖИЛ, ОРЛОГОГҮЙ БОЛ ВИЗЭНД ОРУУЛАХГҮЙ БАЙГАА"

Leave a comment

Your email address will not be published.


*