Монголчууд БНСУ-д байнга оршин суух боломжтой боллоо

 

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэлсэн билээ. Гэвч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуу өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Улсын хэмжээнд 9 дүүрэг, 21 аймагт энэхүү бүртгэл явагдаж байгаа бөгөөд эхний өдрийн байдлаар иргэд ихээхэн бухимдалтай байлаа.

Тэд “олон хоног шөнө өдөргүй зогсож байхад бүртгэл эхлэхэд хаанаас ч юм хүмүүс нэмэгдэж, урдуур дайрч орж байна. Урдуур өөр хаалгаар оруулж байна гэх мэдээлэл бидэнд байна. Олон хоног дугаарласан хэдий ч өглөөний 11 цаг болж байхад ороогүй байна. Хаана юу болж байгаа нь толорхойгүй, зохион байгуулалтгүй байна” хэмээн бухимдах иргэд олон байлаа.

Энэ жилийн хувьд 2000-3000 хүнийг БНСУ руу гэрээгээр ажилтнаар авах аж.

Та бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Мөн бүртгүүлэхээр ирж буй иргэдийн хэлний мэдлэг дундаж төвшнөөс дээш байх шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулсан. Учир нь Солонгосын тал тухайн шалгалтыг авдаг учир хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгэлийн хураамж 24 доллар буюу 60000 төгрөг хий дэмий төлөөд хохирох эрсдэлтэй гэдгийг давхар сануулсан юм.

Уртаас урт дараалал үүсгэн зогсох эдгээр залуусыг буруутгах аргагүй юм.

“Гуравхан сая иргэнээ ийм дорой, аргаа ядсан байдалд амьдруулж буй төр засгийн л буруу. Хэн ч гэсэн Монголд олон шалгуур давж, хэдэн сар цалингүй дагалдан байж 400-600-хан мянган төгрөгийн цалин авахыг хүсэх билээ. Харин БНСУ-д очиж сардаа сая 500 мянгаас 2 сая 500 мянган төгрөгийн цалин авч, амьдралаа дээшлүүлэхийг бодно биз дээ. Монголд үнэндээ ажил олдохгүй. Олдсон ч цалингаа өгөхгүй. Авсан цалин нь амьдралд хүрэхгүй, өнөө маргаашаа л болгож, үлгэн салган амьдарч байна. Банкны зээлгүй айл гэж алга. Өвөл нь утаа, зун нь өмхий үнэрт угаартсаар цөөхөн хэдэн монголчууд үхэж байна. Үр хүүхдээ сайн сайхан амьдруулмаар байна” гэж бухимдах иргэд олон байлаа.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх тоо баримт байдаг. Гэсэн ч харь улсад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ.

“Манай ах Солонгост гэрээгээр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө ирсэн. Даанч ирээд бас л ажил олдохгүй. Тэгээд ч тэнд өндөр цалин авч байсан хүмүүс энд ирээд цалингаа голдог юм билээ. Тэгээд буцаад явсан даа” хэмээн хорь гаруй насны залуу ярилаа.

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсхүл цалингаа өгдөггүй, авсан цалин нь амьдралдаа хүрэлцдэггүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна гээд Монголд амьдрахад зовлон олон байна. Өнөөдөр Монголд бусад орнууд шиг дайн тулаан, аллага хядлага болоогүй. Гэсэн хэдий ч иргэдийн амьдрал туйлдаа хүрч Монголоос гарах ямар л боломж бололцоо байгааг хайж байна.

 

 

 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас эх орных нь аж үйлдвэр, барилга засал, загас болон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа гадаадын иргэдэд байнга оршин суух эрх олгох шийдвэр гаргажээ.

 

Уг эрх нь хэд хэдэн ангилалтай байх аж. Тодруулбал, усан онгоцон дээр ажилладаг бол E-10, дадлагажигч болон мэргэжлийн бус ажилчинд E-9 гэсэн байнга оршин суух эрх олгох юм байна. Харин солонгос гаралтай хятад иргэнд H-2, визтэй иргэнд D-3 гэсэн эрх олгох гэнэ. Гэхдээ уг эрхийг авахын тулд БНСУ-ын дээрх салбаруудад таваас доошгүй жил ажилласан байх учиртай. Мөн дараах шаардлагыг хангах ёстой.

Yүнд,

  • тус улсын аж үйлдвэрийн хүний нөөцийн албаны шалгаруулалтад тэнцсэн байх
  • сүүлийн хоёр жилийн дундаж цалингийн нийлбэр нь жилийн нийт цалингаас илүү байх
  • тухайн хүн болон хамтран амьдрагч нь 20 сая воноос илүү хөрөнгөтэй буюу амьдралын баталгаатай байх
  • насанд хүрсэн байх
  • БНСУ-ын Боловсролын үнэлгээний газраас явуулдаг хэлний төвшин тогтоох шалгалтын гуравдугаар зэргийн шалгалтад тэнцсэн байх.

Эдгээр шаардлагыг хангаж байгаа бол гадаадын иргэд байнга оршин суух завшөөрөл хүссэн өргөдлөө тус улсын Хууль зүйн яаманд гаргаж болно. Өргөдөлтэйгээ хавсарган өөрийн улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт, ажлын газрын тодорхойлолтоо өгнө. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд 20 саяас илүү вонтой хадгаламжийн дэвтэр эсвэл дүйцэх хэмжээний үнэтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуулбартай нь хавсаргах учиртай аж. Түүнчлэн одоо ажиллаж байгаа болон хойшид ажиллах газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, цалингийн доод хэмжээг баталгаажуулсан баримт, хэлний төвшин тогтоох шалгалтын оноог баталгаажуулсан байх ёстой. Эдгээрийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд БНСУ-ын Хууль зүйн яам гадаадын иргэдэд байнга оршин суух эрх олгох юм байна.

 

Be the first to comment on "Монголчууд БНСУ-д байнга оршин суух боломжтой боллоо"

Leave a comment

Your email address will not be published.


*